Винсент. Би бизнесийн ангийн оюутан байсан ч их… | by Dembee Tsogoo | Sep, 2025

Би бизнесийн ангийн оюутан байсан ч их сургуульд сурах явцдаа дурлан дурлан гурван удаа дүрслэх урлагийн анги сонгож байлаа. Зураг, гар урлалын янз бүрийн ажлууд туршиж, үзэсгэлэн гаргахад ч оролцсон удаатай. Тухайн үед нэг даалгавар нь багшийн санал болгосон хоёр зургийг нийлүүлж, тосон будгаар нэг бүтээл болгох байв. Би өөрийн мэдрэмжээрээ зургийн аргачлал, өгч буй мэдрэмж төстэйгөөр нь Ван Гог-ийн “Starry Night” болон Эдвард Мунк-ийн “Scream”-г сонгосон юм.
Тэгж л Ван Гог-той илүү ойр танилцсан байх. Ер нь “Starry Night”-н угалзарсан, динамик зураас, экспрессионист хэв маяг нь идэвхтэй, өөрийгөө бусдад илэрхийлэх хүсэл ихтэй залууст ойр санагддаг болов уу гэж боддог юм. Тухайн үед би Ван Гогийг гүн судалж амжаагүй ч дээрх ажлаар тодорхой хэмжээнд мэддэг болоод авав. Харин тэр үедээ илүү их татагддаг нь Нью-Йоркийн поп соёлын төлөөлөл, Энди Вархолын сүүдэрт дарагдсан Кэйт Харингийн бүтээлүүд байлаа.
Цаг хугацаа өнгөрсөөр 2022 онд Европоор аялж явахдаа Амстердамын Ван Гогийн музейд орох завшаан тохиож, тэр мөчид л би түүний уран бүтээлтэй илүү гүн холбогдсон гэж боддог. Би бизнесийн чиглэлээр төгссөн ч бие дааж сурсан график дизайнаа карьераа болгосон. Магадгүй энэ л шалтгаанаар Ван Гогийн хожуу эхлүүлсэн карьер, бусад уран бүтээлчдээс суралцах идэвх, санаачлага, амьдралынхаа сүүлийн цөөн жилийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж зурсан мянга мянган гар зургууд нь надад маш их сэтгэгдэл төрүүлснийг санаж байна.
Түүний музей гэхдээ зөвхөн түүнийх биш. Зураачийн карьерын үед танилцсан, түүнд нөлөөлсөн Дэлхийн алдарт зураачдын бүтээлүүд ч багтдаг. Би аваргуудын мөрөн дээрээс алсыг харсан тулдаа өнөөдрийн өөрийгөө бүтээсэн гэдэг үг ч бий. Бидний үзэл бодол, итгэл үнэмшил, амьдралын сонголтод хэлтэрхий ч гэсэн бусдын нөлөө гүнзгий шингэсэн байдаг. Энэ ойлголтыг надад тэр музей л сануулсан юм. Музейд түүнтэй холбоотой ч түүний хэв маягаас ондоо бүтээлүүд олон. Надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нь эл бүтээл.
Хэдэн ч минут ширтэж зогссон юм байгаан. Гэхдээ ширтэлцээд би бараагүй л дээ. Яагаад ч юм түүний харц яг л надтай ярилцаад байгаа юм шиг. Үүнийг түүний найз, Австрали зураач Жон Петер Расселл зурсан бөгөөд нэр нь “Vincent, in friendship”. Зургийн талаар энэ бичвэрээ бичих үедээ уншиж мэдсэнээр Ван Гог энэ хөргийг ихэд нандигнадаг байсан бөгөөд 1886 онд дүү Теодоо “Расселлын зурсан миний хөргийг хямгадаарай, надад их нандин” хэмээн захиж байжээ. Тэгэхээр Расселл, Ван Гогийн нөхөрлөлийг энэ зураг илэрхийлдэг аж.
Жон Петер Расселлын реалист хэв маягаар зурсан Ван Гог-ийн хөрөг надад ойр санагдсан нь ч учиртай. Их сургуулийн дүрслэх урлагийн хичээлүүд дээр би өөрийгөө бодитоор сэтгэдэг, реалист хүн гэдгээ ойлгосон юм. Зургийн янз бүрийн даалгавар өгөхөд амьдралдаа анги даяар багшид магтуулсан нь Солонгост солилцоогоор сурч байх үе. Би алимыг бүр ямар ч өөгүй, детальтай зурсан нь багшид таалагдаж намайг урамшуулж билээ. Уран сэтгэмжтэй хүн л зураг, дуу, шүлэг гэх мэт бүтээл туурвидаг гэж боддог байсан надад ямар ч хүн бүтээлч, юмс байгаагаараа ч бүтээл байж болдог гэдгийг тэр үе л надад ухааруулсан. Хоол хийх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр орноо дулаан уур амьсгалтай байлгах гээд бүгд л бүтээлч үйл. Тиймээс бүтээлч байхын тулд заавал урлагийн хүн болох албагүй, харин өдөр тутмын амьдралдаа сэтгэлээ шингээж хийсэн бүхэн бүтээл болдог юм билээ шүү, хүүхдүүдээ 😆.